“Үндсэн хуулиа мэдье, сахья” хэлэлцүүлэг боллоо

2019-01-15 | Уншсан: 111

    Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын холбоо, "Чимид сан"-гийн дэмжлэгтэйгээр “Үндсэн хуулиа мэдье, сахья” хэлэлцүүлгийг өчигдөр (2019.01.14) зохион байгууллаа.

    Монголчуудын хувьд ардчилсан Үндсэн хуулийн өдөр бол чухал баярын өдөр бөгөөд Үндсэн хууль нь хүний тэгш эрх, эрх чөлөөг баталгаажуулсан суурь хууль билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээр 27 жилийн ой нь тохиож буй ардчилсан Үндсэн хуулийнхаа үнэт зүйл, зарчмыг тайлбарласан илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. Тодруулбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан “Ардчилсан ёс: парламентын тогтолцоо” сэдвээр, Өмгөөллийн “И Эл Си” ХХН-ийн партнер, өмгөөлөгч Х.Баасанжаргал “Хүмүүнлэг нийгэм: хүүхдийн ашиг сонирхол” сэдвээр, Өмгөөллийн “Веритас Партнерс” ХХН-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Мэргэн “Үндэсний аюулгүй байдал: Төрийн нууц ба мэдэх эрх” сэдвээр, "Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан “Үндэсний эв нэгдэл: Үл ялгаварлан гадуурхал” сэдвээр, Өмгөөллийн “Авинекс партнерс” ХХН-ийн партнер, хуульч Б.Солонгоо “Эрх чөлөө: Чөлөөт хэвлэл” сэдвээр, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, судлаач Х.Номингэрэл “Хууль дээдлэх ёс: Авлига” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм. 

    Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр сэтгүүлч Б.Оюунчимэг ажилласан бөгөөд хэлэлцүүлэгт хуульч, судлаач, оюутан, иргэдийн төлөөлөл болсон 100 орчим хүн оролцож, өөрсдийн санал, зөвлөмжийг хуваалцсан.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн