ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ “ОРОЛЦОГЧ БИШ” ОРОЛЦОГЧ БУЮУ “СЭЖИГТЭН”-ИЙ ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХБНГУ-ЫН ЭХХШТХ-ИЙН /STPO/ ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХАРЬЦУУЛАХ НЬ

2019-01-08 | Уншсан: 185

УЕПГ-ЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛИЙГ СУДЛАХ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ Ph.D Б.ӨНӨРМАА

    Хүний эрхэд суурилсан, түүнийг хамгаалсан эсхүл зөрчигдсөн эрхийг сэргээх нийтлэг чиг хандлагыг тодорхойлсон олон улсад жишиг болон мөрдөгдөж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмуудыг хэрэгжүүлэхэд манайд уламжлагдан тогтож ирсэн энэ чиглэлийн онол, үзэл баримтлал үүнээс улбаалсан гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох, түүнд шударга ял шийтгэл оногдуулахад чиглэсэн тогтолцоо, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын чиг үүргийн хуваарилалтыг өөрчлөх шаардлага бий болсны дагуу Монгол Улс 2015 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлан, мөрдөгдөж эхлээд жил гаран болж байна.[1]

    Гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь улс орон бүрт өөр өөрийн онцлогт тохирсон эрх зүйн тогтолцооны уламжлалынхаа хүрээнд бүрэлдэн  бий болсон байдаг хэдий ч онолын болон практик хэрэглээний хүрээнд Эх газрын буюу  Ром – Германы, Нийтийн эрх зүй  буюу Англосаксоны гэсэн бүлүүдэд хуваагдан хөгжиж ирсэн  бөгөөд эрх зүйн тогтолцооны энэ хоёр бүл харилцан тус тусын давуу байдлыг хуваалцан, орхих  зүйлээ орхин зэрэгцэн хөгжиж ирсэн юм.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эдлэх эрх, хүлээх үүргийг хуулиар зохицуулдаг бөгөөд тодорхой бус нөхцөл байдал нь хуулийн хийдэл үүсгэх цаашлаад хүний эрх зөрчигдөх нөхцөл үүсгэдэг. Шинээр мөрдөгдөж буй ЭХХШТХ-нд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг оролцогч болох сэжигтнээс хэрхэн мэдүүлэг авахыг хуулиар зохицуулаагүй нь өнөөдөр маргаан дагуулж байна.

    Гэтэл хүнийг гэмт хэрэгт сэрдэж эхэлсэн үеэс, цаашилбал эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэхийн өмнө гэмт хэрэгт холбогдсон хүнээс хэрхэн мэдүүлэг авах нь процессийн хувьд ч тухайн субъектийн хувьд ч  ойлгомжгүй байна.

    Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд[2] хүний халдашгүй байдал болон өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг баталгаажуулсан байдаг. Гэтэл өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ЭХХШТХ-д сэжигтнээр тооцох, сэжигтнээс мэдүүлэг авах ажиллагаа зохицуулагдаагүй бөгөөд хэрэгт сэрдэгдэж буй хүнээс гэрчийн мэдүүлэг авах нь түүний үндсэн эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогчдын эрх үүргийг хуульчилсан атлаа “сэжигтэн”-ий статус, эрх үүргийг тодорхойлоогүй нь Үндсэн хуульд харшилж байна.

    Монгол Улсын ЭХХШТХ-д “сэжигтэн” –г эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч байхаар уг хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт тодорхойлсон байдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж хуульд заасан үндэслэлээр сэрдэгдсэн, хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах эрхтэй субъект юм.

    Хууль заасан үндэслэлээр сэрдэгдэнэ гэдэг нь мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.23 дахь хэсэгт заасан “үндэслэл бүхий сэжиг” гэж энэ хуульд заасан тодорхой ажиллагаа явуулах нөхцөл үүссэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаарх мэдээлэл, хэргийн нөхцөл байдалд тулгуурласан мөрдөгч, прокурор, шүүгчийн дотоод итгэлийг хэлнэ гэжээ.

    Шүүгч, прокурор, мөрдөгчийн дотоод итгэл гэдэг нь хувь хүний асуудалд хандах сэтгэл зүйн хандлага ч биш хувийн итгэл үнэмшил ч биш бөгөөд аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтын хүрээг зөв тодорхойлж эх сурвалжийг тогтоосон, тэдгээр нь хөдөлбөргүй нотлогдсон талаар мэргэжлийн ур чадварт тулгуурласан итгэл үнэмшил бөгөөд уг итгэл үнэмшлээ хуульд нийцүүлж гаргасан шийдвэрээр баталгаажуулж байдаг.[3]

    Эрх бүхий албан тушаалтан хуулиар бусдыг гэм хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэх үндэслэл буюу эрхийг баталгаажуулснаар хүний эрхэнд халдах боломж, нөхцөл бүрдэж байгаа бол нөгөө талдаа сэжиглэгдэж буй хүнд өөрийгөө хамгаалах эрх буюу боломж  нь давхар үүсч байх ёстой.

    Баривчлагдснаас бусад тохиолдолд гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд дээрх эрх, боломж нь 2015 оны ЭХХШТХ-иар олгогдоогүй бөгөөд гэрчийн мэдүүлэг өгч явсаар шууд яллагдагчаар татагдах нөхцөл бий болоод байна.  

    ХБНГУ-ын эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэрдэгдэж буй хүн / Verdächtiger/, сэжигтэн, /Beschuldigter/, яллагдагч /Angeschuldigte/ гэсэн нэр томьёо байдаг бөгөөд  Verdächtiger[4] буюу сэрдэгдэж буй хүн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш тул хуульд тухайн субъектийн талаар зохицуулалт байдаггүй.

    Харин сэжигтэн / Beschuldigterгэсэн нэр томьёо нь прокурор, мөрдөгчийн дотоод итгэлээр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн хангалттай үндэслэлээр хүнээс мэдүүлэг авсан тэр цаг мөчөөс тухайн хүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болж ирдэг.

    Сэжигтнээр тооцох эсхүл тогтоох гэсэн шийдвэр гардаггүй бөгөөд мэдүүлэг авахдаа эрх үүргийг нь шууд тайлбарлан өгдөг.

ХБНГУ-ын ЭХХШТХ-ийн /StPO/ 133 дугаар зүйлд сэжигтнийг мэдүүлэг авахаар бичгээр дуудан ирүүлэх ажиллагааг, 134 дүгээр зүйлд түүнийг баривчлах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд шууд албадан ирүүлэх ажиллагааг зохицуулсан байдаг. [5]

    Прокурор сэжигтнийг ирэх тухай бичгээр мэдэгдсэн тохиолдолд дуудагдсан хүн заавал ирэх үүрэгтэй бөгөөд ирээгүй тохиолдолд албадан ирүүлэх эсхүл баривчлан ирүүлэх ажиллагаа хийгддэг. Дуудагдсан сэжигтэн түүнийг дуудсан нь үндэслэлгүй гэж үзвэл гомдол гаргах эрхтэй боловч гомдол гаргасан нь түүнийг хүрэлцэн ирэхэд саад болох үндэслэлгүй бөгөөд заавал ирэх үүрэг хүлээдэг.

    Сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг мөн хуулийн 136 дугаар зүйлд дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.

1. Түүнийг ямар хэрэгт буруутгаж байгааг эхэлж тайлбарлахдаа мөрдөгч, прокурор түүнийг холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар тодорхой тайлбарлах үүрэгтэй бөгөөд ингэхдээ тодорхой бус, битүүлэг эсхүл үл ойлгогдох байдлаар илэрхийлж болохгүй.

2. Сэжигтэнд буруутгагдаж байгаа хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй байх, эсхүл сайн дураараа мэдүүлэгч өгөх, мэдүүлэг өгөхөөсөө өмнө өөрийн сонгож авсан өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авах эрхтэйг тайлбарлана.

3. Өөрийг нь буруутгаж буй үндэслэлийг няцаах нотлох баримтыг нэгбүрчлэн шалгуулах хүсэлт гаргах эрхтэйг тайлбарлаж өгнө.

4. Мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн тохиолдолд сэжигтэн хохирогчийн нэгэн адил бичгээр мэдүүлгээ өгч болохыг тайлбарлана. Сэжигтэн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тохиолдолд түүнд оногдуулах ял шийтгэл хөнгөрөх боломжтойг тайлбарлаж өгнө.

    Сэжигтэн өөрийн буруугүйгээ нотлохын тулд худлаа ярих эрхтэй ч өөрийгөө зөвтгөсөн мэдүүлэг нь гэмт хэргийг нууж төөрөгдүүлэхгүй байх, /Vortäuschung einer Straftat § 145d StGB/,  бусдыг гэмт хэрэгт гүтгэх эсхүл хуурамч сэжиг таамаг бий болгохгүй байх /die falsche Verdächtigung (§ 164 StGB)бусдыг гүтгэхгүй байх / Beleidigungsdelikt §§ 185 ff. StGB /-ыг сануулдаг бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болохыг сануулдаг. Тодруулбал сэжигтний худлаа ярих эрх нь хууль сахиулагч болон албан тушаалтныг тухайн шалгаж байгаа хэргээс нь холдуулах зорилготой эсхүл зохиомол эрүүгийн хэрэг бий болгох, бусдыг гэмт хэрэгт буруутгах үндэслэл болохын бол зөвхөн энэ үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг сануулдаг.

    Гэтэл Монгол Улсын ЭХХШТХ-д сэжигтнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч гэж хуульчилсан атлаа сэжигтнээс мэдүүлэг авах ажиллагаа зохицуулагдаагүй бөгөөд хэрэгт сэрдэгдэж буй хүнээс гэрчийн мэдүүлэг авах нь түүний үндсэн эрхийг ноцтой зөрчиж “сэжигтэн”-ий статус, эрх үүргийг тодорхойлоогүй нь Үндсэн хуульд харшилж байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол оролцогч атлаа эрх үүрэг нь тодорхой бус оролцогч “сэжигтэн”-ий эрх зүйн байдлыг тодорхойлох маргаан нь мөрдөгч, прокурор сэжигтнээр тогтоох эсхүл тооцох тогтоол гаргах эсэх процессийн асуудал биш бөгөөд харин сэжигтэн нь дээрх ажиллагааны гол оролцогчийн хувьд гэрчийн мэдүүлэг өгч байгаа нь гэм буруугүйгээ өөрөө нотлох хүлээж буй үйлдэл юм. МУ-ын ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтШүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно гэж заасантай зөрчилдөж байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх бөгөөд гэрч нь хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.[6]

    Сэжигтэн “гэрч” нь хуульд заасан агуулгаараа өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй, гэм буруугүйгээ нотлох үүрэггүй боловч гэрчээр мэдүүлэг өгсөн тохиолдолд тухайн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй. Тухайн сэжигтэнд холбогдох хэрэг нотлогдсон, “гэрч” сэжигтэн худлаа мэдүүлэг өгсөн нь нотлогдсон тохиолдолд түүнд гэрчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үү гэдэг асуудал хөндөгдөнө.

2015 оны ЭХХШТХ-ийн 31.6 дугаар зүйлд зөвхөн баривчлагдсан сэжигтэнд эрхийг нь тайлбарлах тухай зохицуулсан байгаа нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр сэжиглэгдэж буй бусад сэжигтэнд хамаарахгүй зохицуулалт юм.

Дүгнэлт.

    Шинэ хуулиар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх ашгийг хангах, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах зарчим бүрэн хэрэгжих нөхцөл энэ тохиолдолд хангагдаагүй бөгөөд сэжигтний эрх, үүргийг хуулиар тодорхойлоогүй нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж ЭХХШТХ-ийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх мөн хэргийн бодит байдлыг тогтоох зарчим алдагдаж байна.

    Шүүгч, прокурор, мөрдөгчийн дотоод итгэл гэдэг нь хувь хүний асуудалд хандах сэтгэл зүйн хандлага ч биш хувийн итгэл үнэмшил ч биш бөгөөд аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтын хүрээг зөв тодорхойлж эх сурвалжийг тогтоосон, тэдгээр нь хөдөлбөргүй нотлогдсон талаар мэргэжлийн ур чадварт тулгуурласан итгэл үнэмшил бөгөөд энэ нь бусдыг гэмт хэрэг үйлдсэн сэжиг, таамаг дэвшүүлэхэд тулгуур нь болох ёстой. Энэ нь ЭХХШТХ-ийн 1.4 дүгээр зүйлийн 1.23 дахь хэсэгт заасан “үндэслэл бүхий сэжиг” гэж энэ хуульд заасан тодорхой ажиллагаа явуулах нөхцөл үүссэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаарх мэдээлэл, хэргийн нөхцөл байдалд тулгуурласан мөрдөгч, прокурор, шүүгчийн дотоод итгэлийг хэлнэ гэжээ.

    Эрх бүхий албан тушаалтан хуулиар бусдыг гэм хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэх үндэслэл буюу эрхийг баталгаажуулснаар хүний эрхэнд халдах боломж, нөхцөл бүрдэж байгаа бол нөгөө талдаа сэжиглэгдэж буй хүнд өөрийгөө хамгаалах эрх буюу боломж  нь давхар үүсч байх ёстой.

    Баривчлагдснаас бусад тохиолдолд гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд дээрх эрх, боломж нь 2015 оны ЭХХШТХ-иар олгогдоогүй бөгөөд гэрчийн мэдүүлэг өгч явсаар шууд яллагдагчаар татагдах нөхцөл бий болоод байгаа бөгөөд тодруулбал сэжигтнээр үйлдсэн хэргийг нь нотлуулах хэмжээний хийдэл хуульд бий болсон нь эрх бүхий субъектүүдийн “дотоод итгэл, нотлох баримт”-аар хэргийг шийдвэрлэх чиг үүрэгтэй нь харшилдаж байна.

Санал.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол оролцогч атлаа эрх үүрэг нь тодорхой бус оролцогч “сэжигтэн”-ий эрх зүйн байдлыг тодорхойлох, тухайлбал сэжигтэн нь дээрх ажиллагааны гол оролцогчийн хувьд гэрчийн мэдүүлэг өгч байгаа нь гэм буруугүйгээ өөрөө нотлох хүлээж буй хуулийн хийдлийг арилгах зохицуулалт хийх буюу сэжигтнээс мэдүүлэг авах, эрх үүргийг нь танилцуулах тодорхой заалтыг хуульд тусгаж өгөх. Баривчлагдснаас бусад тохиолдолд гэмт хэрэгт сэжиглэгдэн дуудагдан ирсэн, мэдүүлэг өгч буй хүнд сэжиглэгдэж буй үндэслэл, түүний эрх, үүргийг нь шууд тайлбарлан өгдөг зохицуулалтыг хуульд тусгах.

Сэжигтний үүргийг тодорхой болгохдоо өөрийн гэм буруугүйг батлахын тулд бусдыг гэмт хэрэгт гүтгэх боломжийг хааж энэ тохиолдолд харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулж болох юм.

2. Сэжигтнээр тооцох, тогтоох тухай процесс шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь  ЭХХШТХ-ийн 1.4 дүгээр зүйлийн1.23 дахь хэсэгт заасан “үндэслэл бүхий сэжиг” гэж энэ хуульд заасан тодорхой ажиллагаа явуулах нөхцөл үүссэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаарх мэдээлэл, хэргийн нөхцөл байдалд тулгуурласан мөрдөгч, прокурор, шүүгчийн дотоод итгэлийг хэлнэ гэж тодорхойлсон нь сэрдэгдэж буй хүнээс мэдүүлэг авах нөхцөлийг бүрдүүлж байгаа болно. Гэрчээр тооцох, тогтоох процесс байдаггүйтэй ижил нөхцөл юм.

 

[1] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан тайлан, 2016 он

[2] Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.

[3] Б.Өнөрмаа, “Шүүгчийн дотоод итгэл буюу нотлох баримтыг үнэлэх ажиллагаа”, 2018, http://www.prokuror.mn/a/2174, https://www.mglbar.mn/?action=content&view=article&id=2640

[4] https://de.wikipedia.org/wiki/Beschuldigter#cite_note-1

[5] https://www.justiz.nrw.de/Gerichte_Behoerden/Staatsanwaltschaften/Ermittlungsverfahren_Beteiligte/Beschuldigter/index.php, StP§ 133, 134, 135, 136

[6] ЭХХШТХ-ийн 9.6 дугаар зүйл

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн